Wednesday, May 25, 2011
FB yahoo blog?
Ойрын өдрүүдэд Yahoo messenger, Facebook, blog-гүйгээр амьдралаа төсөөлөх ч аргагүй боллоо. Ёстой л нэг амарч байгаа хүн шиг social media-р хэсүүчилж FB-с дэвин дэлхийн хүмүүсийн аж амьдрал, хов жив сонирхож, хэн ямар зураг нэмж, хэн хэн юу гэж comment үлдээв, хэн хэнтэй in a relationship болов, хэн нь single болоод хүмүүс түүний дор юу гэж шуугив, хэн бас хаанаас миний зургийг tag хийж дор нь ямар тайлбар бичсэн байна гэхчилэн яриад байвал FB-ээр сонин ихтэй.
Утасгүй байхаар нүдэн балай чихэн дүлий амар юм даа. Хаана байна,юу байна гэж залгаж залхаах дуудлага үгүй, дугаар хадгалсан list-ээ харж байгаад шаардлагатай хүмүүсрүү өөрөө утас цохиж холбоо барихад л болно. Харин танихгүй дугаараас залгасан хүмүүс харамсалтай байна,уучлаарай. Тэгсэн ч угийн нийгмийн хүрээлэл сайтай хүнийхээ хувьд гарахгүй, хүнтэй уулзахгүй, хэнтэй ч ярихгүй байна гэдэг нэг л өөр, дасаагүй хэв маяг. Тэр үед энэмуу блог минь л хань болно.
Саяхан нэг байгууллагын ажилд орох ярилцлаганд орлоо. Сонгон шалгаруулалтын үе шат олон, шат дамжлага ихтэй юм. Байгууллагат сайн ажилтан хэрэгтэйн дээр шинэ хүн авна гэдэг ярвигтай, зардалтай ажил байдаг болохоор ач холбогдол өгч нарийн шүүлтээр авах нь зүйтэй л дээ. HR-ын хувьд хариуцлагатай гол ажил мөн. Энэхүү процессыг энгийнээр тайлбарлавал эхлээд ажил олгогч ажлын шаардлага хангах шалгуур тогтоож ажлын байрыг зарлана, чадна гэж үзсэн ажил горилогч хүсэлт илгээнэ, ажил олгогч шалгана, ярилцана, нягтлана,боломжийн санагдвал болзол, саналаа тавина, эргээд ажил горилогч ажиллах уу үгүй юу гэдэг дээр шийдвэр гаргадаг. Ихэнх тохиолдолд ажил олгогч давуу эрхтэй байдаг ч ажилд орохын хувьд эцсийн шийдвэрийг ажил горилогч гаргадаг шүү дээ. Тэгэхээр ажил горилогчид би таалагдах хэрэгтэйн адил байгууллага надад мөн таалагдах ёстойг HR-ууд санах л хэрэгтэй. Тэгээд юу болсон бэ гэж үү?
Би хэрвээ HR нь байгаад Энхмаад үнэлгээ өгвөл 80 хувьтай гэж хэлнэ. Юу болохыг харж л байя. Манай сургуулийн оюутнуудыг гадуур чадварлаг ч амбиц ихтэй гэж ярьдаг юм гэсэн. Яаж зүгээр байхав, надад ч мөн нэг тиймэрхүү байдал ажиглагдсан хэрэг. Усыг нь уувал ёсыг нь дагадаг юм хойно доо.
10 жилээ дөнгөж төгсөөд яах уу? хаашаа орж, ямар мэргэжлээр сурах уу гэд л сандарч бөнжигнөөд гүйж явсан үетэй тун төстэй байна шүү. Одоогийн байдлаар ерөнхий шалгалтныхаа оноог хүлээгээд мessenger-ийн буг болоод сууж байна.Хурдлаасай бурхан минь.
Tuesday, May 24, 2011
Шиврээ бороо яг л бүүвэйн дуу, сонгодог хөгжим шиг тайвшруулах юм
Амралт эхэлсэн.Гадаа бороо ороод чийг үнэртээд сайхан байна. Удахгүй хэд хоногоос цэцэг навч дэлбээлж, модны навчис нахиалаад зуны нарлаг өдрүүд эхлэх байх даа. Хүүхдийн баяраас өмнө хот шороо тоосноосоо салж, өнгө нэмж байвал бяцхан дүү нарт минь аштай юу даа. Тэд маань аль хэдийн л хөөрөөд эхэлчихсэн гүйж явна.
Өнөөдөр өөрөө өөртөө чөлөө өгөөд амрахаар шийдлээ. Гадаа бороо шиврээд байхаар тэр өдөржингөө л хөнжилдөө шургаад унтаад баймаар байдаг юм. Нойрмог царайлчаад босч цай ууж, мэйлээ шалгачаад блогтоо сараачаад сууж байна. Хааяа ямар нэг төлөвлөгөөгүй, дур зоргоороо зүгээр л амьдрах хичнээн сайхан гээч.
Унтаад сэрэхэд миний хүсэл биелсэн байгаасай. Шинэ ажил, том зорилго, эрч хүчийг дагуулсан энгийн амьдралын хэмнэлдээ эргээд welcome. Одоо харин юу ч бодолгүй тавтай сайхан нойрслоо.
Өнөөдөр өөрөө өөртөө чөлөө өгөөд амрахаар шийдлээ. Гадаа бороо шиврээд байхаар тэр өдөржингөө л хөнжилдөө шургаад унтаад баймаар байдаг юм. Нойрмог царайлчаад босч цай ууж, мэйлээ шалгачаад блогтоо сараачаад сууж байна. Хааяа ямар нэг төлөвлөгөөгүй, дур зоргоороо зүгээр л амьдрах хичнээн сайхан гээч.
Унтаад сэрэхэд миний хүсэл биелсэн байгаасай. Шинэ ажил, том зорилго, эрч хүчийг дагуулсан энгийн амьдралын хэмнэлдээ эргээд welcome. Одоо харин юу ч бодолгүй тавтай сайхан нойрслоо.
Sunday, May 22, 2011
Эмх цэгцгүй бодрол, сэтгэгдлүүд
Маргааш удирдлага төслийн тайлан хамгаалалттай байхад ppt -ээ ч бэлдээгүй сууж байдаг. Мөн таарч дээ. Бас болоогүй блогтоо юм сараачсан шиг сууж байна. Бодол огт төвлөрөхгүй ягаад гэдэг асуултаар дүүрэн байна. Ягаад би ийм шунал сэтгэлгүй, сэтгэл хөдлөлгүй болчихвоо?
Ягаад надад бусад охидын адил авмаар санагддаг эд зүйлс, авлаа гээд баярладаг сэтгэл ханамж, хөөрөл үгүй юм бэ? Сэтгэл минь ингэж хоосорч итгэл алдраад юунд ч тэмүүлэхгүй, ач холбогдол өгөхөө байсан нь юуных юм бэ? Сэтгэлтэй залуугаа холдоод явахад нь ч хориглож мэдэхгүй, өөр хүнтэй хамт байгааг нь хараад ч хардаж харамлахгүй, надад юу тохиолдов оо.
Тэглээ гээд архи ууж, мансуурах хүсэл огтхон ч алга, олон юм бодож тойлгойгоо гашилгах чадал үнэндээ алга. Үхсэн юм шиг л унтаж цаг барана гэхээр цаг хугацаа даанч хайран, өглөө эрт гарч аахар шаахар ажил хөөцөлдөж явж байтал өдөр өнгөрнө. Бүтээсэн юмгүй ч бас бүтэлгүйтсэн зүйлгүй. Зорилгогүй гэвэл арай ч биш, бодсон юм байгаа.Золбоолог эрч хүчтэй байдлаа алдаагүй, ихэнхдээ л хаа ч явсан цоглог хэвээрээ. Гэхдээ нэг л хоосон, сэтгэл хангалуун биш... Аавдаа эрхэлж, ээжээрээ тойглуулж, эдийн дээдийг хэрэглэж, идээний дээжийг хүртэж яваа би жаргал даахгүй байгаагийн шинж үү? Тийм л байгаасай. Тэгвэл үүнд зөвхөн би буруутай.
Хүн Л ЮМ ЧИНЬ надад баярлаж гуниж, уйлж дуулж, уруудаж өгсөхийн аль нь ч тохионо. Хоосон ирээд хоосон буцах л үнэн хойно хүн хүнээ хайрлаж, хүнлэг, өгөөмөр байж ягаад болохгүй гэж? Юуны төлөө үсээ зулгааж, үйлээ үзэж, унаж тусан ажиллах хэрэгтэй юм бэ? Хэзээ үхэхээ ч мэдэхгүй байж бид хааяа ирээдүйд хэт олон зүйлийг төлөвлөдөг юм шигээ. Хүн л юм болохоороо дутагдал, сул тал надад бий. Яахав дээ яадгийн, алдааг минь анзааралгүй өнгөрч, дутууг минь өлгөн авч сүр болголгүй дураар минь орхиоч дээ. Энэ бүгд миний сэтгэгдэл, миний бодрол, юу хүссэнээрээ аашилж болох миний бяцхан эзэнт улсын хил хязгаараас хэтрэхгүй шүү дээ.
Thursday, May 19, 2011
Сахиусан тэнгэртэй уулзсан нь

Миний найз ээж болоод хоёр сар болсон ч уулзаж чадахгүй явсаар өнөөдөр зорьж уулзалдлаа. Хонгор үрээ энгэртээ тэвэрч, зулайг нь үнэрлэн "ээжийн охион" хэмээн өхөөрдөн суугаа түүнд минь цаанаа нэг ээжийн намба төрх сууж, наанаа царай нь гэрэлтэн жаргалтайгаар мишээн байхыг хараад сэтгэл ихэд уярлаа. Бяцхан үрийнх нь өөдөсхөн чинээ хуруу гар, үнэрлээд ханамгүй анхилуун үнэр, үнэгчлэн мишээх өхөөрдөм төрх нь сэтгэл хөдөлгөж, өөрийн эрхгүй ээж болох хүслийг хөндөх шиг. Сахиусан тэнгэрийг тэвэрч суухдаа сайхан энергээс нь өөртөө шингээж, асуудал юугаа түр хойш тавихад хайрын ундарга дахин сэрэх мэт болсон. Би хүүтэй болмоор байна. Аавтайгаа усны дусал шиг адилхан хөөрхөн хүү төрүүлж амьдарлын баяр баясгаланг мэдэрч утга учиртай амьдармаар байна. Алаг үрээ энгэртээ тэвэрч бүүвэйн дуу зөөлөн аялан, бүхнээс түүнийгээ нандигнан хайрлахсан.
Гэхдээ цаг нь хараахан биш байна. Аав ээж нь ариун үнэнч хайр сэтгэлээр холбогдож аз жаргалтай амьдарлыг хамтдаа босгох итгэл сэтгэлээр нэгдэж айл гэр болсон цагтаа хонгорхон чамайгаа угтан авах болно. Чамтайгаа уулзах тэр өдөр хорвоогийн хамгийн сайхан өдөр байна гэдэгт итгэлтэй байна.
Wednesday, May 18, 2011
Бүсгүй минь та инээмсэглэж яваарай

Ойрын хэдэн өдөр цэлмээгүй сэтгэлийн нар өнөөдөр дээр мандаж ягаад ч юм нэг л жаргалтай байна. Үсээ засч зүсээ гоёлоо ч, өнгөлөг дэгжин хувцаслаад ч царай орж золбоо нэмэхгүй нэг тийм үе байдаг даа. Яг л нэг иймэрхүү хэдэн өдөр өнгөрлөө.
Эмэгтэй хүн амьдарлаа өөрчилмөөр санагдахаараа үсээ өөрчилмөөр санагддаг гэсэн. Үнэнийн ортой байх шүү. Үсээ өөрчлөхөөс нааш толинд ч хармааргүй санагдаад үсчин орлоо. Миний үсний шинэ хэв маяг надад таалагдаж байна.
“Эмэгтэй хүний эрхэмсэг оршихуй, цэвэр ариун бие цогцос, тунгалаг сайхан сэтгэл, тэгш дүүрэн бодол, хэм хэмжээтэй заяа төөрөг багтдаг. Ийм оршихуйг бүрдүүлсэн эмэгтэй ямагт цовоо сэргэлэн, үзэгдэх өнгө яруу, өгүүлэх хэл уран, алхлах гишгэц тэгш, үйлдэх үйл цэвэр байдаг гэдэг. Материаллаг имидж ямагт атаархал төрүүлж, үзэн ядалтаар цэнэглэгдэж, хэзээд гай тарихад бэлэн байдаг. Харин оюунлиг имидж хэнд ч эрхэмсэг харагдаж, бусдыг байлдан дагуулж, ялагдашгүй эрч хүчийг өөртөө шингээж, агуу гайхамшигт орон зайг бүрдүүлнэ. Тийм ч учираас насны залууд эрдэм сурч, нарны эртэд газар дөх гэсэн үг гарсан биз ээ” Оршихуйн гүй ухаан номноос...
Энэ хэсэг надад таалагдсан юм. Эмэгтэй та эрхэмсэг бай, ихэмсэг биш эрхэмсэг бай гэдгийн утгыг гаргаж догь хэлсэн байгаа биз.
Wednesday, May 11, 2011
16-р долоо хоногийн 3 дахь өдөр

Үнэндээ л бие даалт хиймээргүй байна. Энэ үгээ блогтоо хэлэхгүй бол өөр хүлээн авах ч хүн алга бололтой. Тэнэг мангар малаараа хэлүүлээд л сэтгэл шингээгүй, цаг барсан цаасны хогоо цуглуулж суухуу?
Гэхдээ бас хэлэх ч үг олдохгүй хүмүүс байнаа байна цаагуур чинь. Хүний хөдөлмөрийг хүндэлж мэддэггүй, мэдлэг боловсрол гэдэг зүйлийг явцуу бодож дүгнэх гээд байдаг хүмүүс болиосой.
За ямартаа ч нөгөөдөр болбол хонхны баяр болж, хичээл дуусч, оюутан насны сүүлийн зуны амралт эхлэх тийшээгээ ханданадаа. Өөр олон юм ярьмаар байвч ядраад бас нойр хүрээд хэрэг алга.C YA!
Tuesday, May 10, 2011
"Үгүй" гэж хэлэхэд хүнд байна
Амьдрал том жижиг олон сонголтоос бүрддэг. Хааяа сонголт хийх торгон агшинд эргэлзэх, сэтгэл түгших, итгэлгүй байх нь олонтай. Өнөөдөр би яг л тийм нэгэн сонголттой нүүр тулж балмагдахдаа тэгэс ингэс бөөрөнхийлөөд өнгөрлөө. Гэвч энэ асуудалтай тулах нь гарцаагүй байсан тул дотроо тунгааж үзээд зоримогоор хүсэл сэтгэлээ дагасан тэр сонголтыг хийлээ. Одоо хэлэх л үлдлээ. Яаж хэлэх вэ? Хүндэтгэж явдаг таны сэтгэлд сэв үлдээмээргүй байна. Надад итгэсэн итгэлийг хөсөр унагаж гомдоомооргүй байна. Хүйтэн хөндий загнаж хүнийрхүү болох вий гэхээс болгоомжилж байгаа ч өөрийн минь хүсэл мөрөөдлийг ойлгож дэмжихийг хичээгээрэй.
Sunday, May 8, 2011
Тэнгэрийн муухай арилдаг Хүний муухай арилдаггүй

Хандлага өөрчлөгддөг, харин үнэт зүйл харьцангуй тогтонги буюу өөрлөгдөхөд цаг хугацаа, хүчтэй мэдрэмж, итгэл үнэмшил төрөхүйц туршлага хэрэгтэй байдаг. Тиймээс үнэт зүйл нь миний, чиний, та бүхний амьдралын жанжин шугам болдог тул анхнаасаа л сууриа зөв тавьж, ойлгож, хүлээн авахаас эхлэлтэй гэж боддог болохоороо би заримдаа хуучинсаг үзэлтэй, өөрчлөлтөнд мэдрэмжгүй нэгэн болох гээд байдаг.
Туйлын үнэн бас худал, сайн болон муу гэж байхаа болисон цагт хүнийг буруутгах учиргүй биз.
Хэзээнээс гэдгээ хэлж мэдэхгүй, буруу гэж боддог байсан тэр хүний хандлага үнэн юм шиг санагдах болж, сонсоод мартах ёстой үгнүүд нь чихнээ үргэлж сонсогдох болж, хүссэн үедээ гаргаж ирээд тоглож болох хүүхэлдэй шиг санах сэтгэл замхран одож түүнийг л харахсан гэсэн хүсэл бага багаар хүчирхэгжиж, хамгийн сайхан мөрөөдлөө чамтай байгаагаар төсөөлж байсан үе бий.
Би хүчирхэг байхыг эрмэлздэг Монгол угсаат эмэгтэй болохоороо эр хүний төлөөх хайранд унаж, хамгаа зориулж, халтирах вий гэхээс айдаг юм. Гэхдээ эерэг энергитэй, гэгээлэг бодол, хүсэл эрмэлзэлтэй, бусдын төлөө зориулж чадах нийгүүлсэнгүй сэтгэлтэй, зөв явдал, зөөлөн сэтгэлтэй нэгэн гэдгээ харин ч бардам хэлнэ. Тиймээс миний хувийн орон зайд халдахдаа бүхнийг байгаагаар хүлээн авч, дасан зохицож, сайжруулах хүсэлт байвал хүлээн авч болох ч гэлээ итгэл үнэмшлийн бүтэц зохион байгуулалтыг минь өөрчлөхөд, нөлөөлөхийг зөвшөөрч чадахгүй. Өөрөөр хэлбэл чамайг би хайрлана, хүндлэнэ, харин үргэлж үгээр чинийхээр байна гэж амлахгүй.Үүнийг чи ойлгосон байсан уу?
Өвөл байсан бол хавар болжээ
Өнөөдөр өчигдрөөс өөр болжээ
Өөрөөс минь өөр хүн байхгүй юм шиг эндүүрч явжээ.
Амьдрал өөрөө баялаг болохоороо арай өөр зам биднийг угтан байгаа. Амжилт хүсье!
Ялалтын маргааш
Ойрын өдрүүдэд гадаа цас бороо холилдож ороод, бүүдгэр тэнгэрийн дор нийлээд хэдэн өдөр өнгөрөв бололтой. ГАдаа бүрхэг ч дотор тэнгэр цэлмэж, нар гийхтэй адил сайхан мэдрэмж, оргилуун сэтгэгдэл булиглан байсан нь өчигдөрхөн. Тиймээ, бид чадсан.
Хүнд хамгийн хэрэгтэй 3 зүйл нойр, хүчилтөрөгч, хоол 3 байдаг гэсэн. Миний хувьд хамгийн сайн амралт, бас эрч хүчийг нөхдөг зүйл бол яалт ч үгүй нойр мөн. Өнгөрсөн хугацаанд нойр хугас хонох бүртээ л энэ олимпиад дуусвал сайхан унтана л гэж бодож байлаа.
Санасанаараа сайхан амарч байгаа хэдий ч яагаад ч юм сэтгэл хосон оргиод, гэгэлзэн байгаа нь юуных вэ?
Тэнгэрийн муухайд байна уу? Хүний муухайд байна уу?
Өөрийн толгой дээрх өвсийг хараагүй байж хүний толгой дээрх хялгасыг олж харна гэгчээр шалтгааныг бусадтай холбон ойлгож, өө эрээд байгаа ч юм шиг.
Уг нь бол би өөрөө өөрийгөө контролдож чаддаг нэгэн гэж бодож явсан нь өнөөдөр эргэлзэхэд хүргээд байна. Амжилт, алдар нэр, аав ээжийн сайшаал, зорилгоо биелүүлсэний аз жаргал гээд карьерийн хүсэл биелсэн ч хүн байхын хүсэл намайг шаналгасаар.Үргэлжлэл бий...
Хүнд хамгийн хэрэгтэй 3 зүйл нойр, хүчилтөрөгч, хоол 3 байдаг гэсэн. Миний хувьд хамгийн сайн амралт, бас эрч хүчийг нөхдөг зүйл бол яалт ч үгүй нойр мөн. Өнгөрсөн хугацаанд нойр хугас хонох бүртээ л энэ олимпиад дуусвал сайхан унтана л гэж бодож байлаа.
Санасанаараа сайхан амарч байгаа хэдий ч яагаад ч юм сэтгэл хосон оргиод, гэгэлзэн байгаа нь юуных вэ?
Тэнгэрийн муухайд байна уу? Хүний муухайд байна уу?
Өөрийн толгой дээрх өвсийг хараагүй байж хүний толгой дээрх хялгасыг олж харна гэгчээр шалтгааныг бусадтай холбон ойлгож, өө эрээд байгаа ч юм шиг.
Уг нь бол би өөрөө өөрийгөө контролдож чаддаг нэгэн гэж бодож явсан нь өнөөдөр эргэлзэхэд хүргээд байна. Амжилт, алдар нэр, аав ээжийн сайшаал, зорилгоо биелүүлсэний аз жаргал гээд карьерийн хүсэл биелсэн ч хүн байхын хүсэл намайг шаналгасаар.Үргэлжлэл бий...
Subscribe to:
Posts (Atom)