Saturday, May 19, 2012

Нэн тэргүүнд аюулгүй ажиллагаа...

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдал, эрүүл ахуй гэдэг ойлголт өнөөдөр манай улсад яригдаж эхлээд төдий удсангүй ч миний амьдралын амьсгалах агаар болоод хэдэн сарын нүүр үзлээ. Өөрөө ч мэдэлгүй аюулгүй ажиллагаа ярьдаг, аюулыг анзаардаг, дутагдлын хажуугаар дуугүй өнгөрөхөө больжээ. Аюулгүй ажиллагааны соёлын төлөвшүүлэх нь зөвхөн уурхайд яригддаг асуудал биш бөгөөд гэртээ, ер нь л хаана байгаа газар бүртээ анзаарч, алдааг илрүүлж, холбогдох арга хэмжээг авч, аюулыг арилгаж өөрийгөө болон бусдын эрүүл мэнд, аюулгүй байдалд хариуцлага хүлээж, анхаарал хандуулах гэж ойлгож болно. Хэнэггүй, болгоомжгүй зан үйлдлээс болоод хүний алтан амь нас эрсэдвэл түүнээс илүү харамсал юу байхав, хайхрамжгүй залхуу зангаас болж энхрий хонгор үрээ халуун тогоонд харамсалтай түлсэн хойно л аюулгүй ажиллагаа гэж юу болохыг ойлгосон гэх нь хүний төрөлх араншинг илтгэх мэт.
Энд дэлхийн 30 гаруй орноос хуран цугласан  гадаад дотоод нийлсэн арван мянга гаруй ажилтан нэгэн зорилгын дор нэгдэн, сар нартай уралдан, ажилчин шоргоолжуудтэй зэрэгцэн идэвхийлэн хөдөлмөрлөхийг харах хичнээн бахдалтай гээч.
Төрсөн гэрээсээ хол, ханийнхаа гарын хоолыг ховорхон зооглох, үр хүүхдийнхээ өсөж торнихыг өхөөрдөн харж ч чаддаггүй, өдөр тутмын зугаа цэнгэлийг ч мэдэхгүй их говийн дунд тоос манарган ажиллаж амьдрах олон хүүтэй тэр айл оюутолгойнх юм.
Өнгөрсөн арав гаруй жилд төслийн бүтээн байгуулалтын ажлын  бэлтгэл  барилга байгууламж барих нүсэр ажлаас дөнгөж шувтран  эхний зэсийн хүдрийн баяжмалыг гаргаж авах хугацааг тоолон хүлээж хоног өдрөөр айсуй.
 Хүн амьдралынхаа гаравны хоёрыг ажил хөдөлмөр эрхлэх  дунд өнгөрөөдөг гэсэн судалгаа байдаг. Тийм ч болохоор ажил бол амьдралын баталгаа, Таны нийгмийн статус, амьд явсаны гавъяа мөн нөгөө талаараа эрх чөлөөний хязгаарлалт мөн.
 Хөдөлмөр эрхэлдэггүй хүн зэрлэгшдэг гэдэг үгтэй би санал нийлдэг юм. Хөдөлмөр Таныг ядрааж, хүч тэнхээг чинь барж, хүсэхгүй зүйлийг чинь тулгаж байдаг ч эцэст нь арвин их ургацаа өгдөг шүү дээ. Хөдөлмөр эрхэлсэнээр бид оюун санааны болоод материаллаг баялагийг бүтээж байдаг тул өөртөө, хайртай хүмүүстээ, нийгэмд цаашлаад эх орондоо хөрөнгө оруулалт хийж байдаг.  Эх орон, нийгэм, гэр бүлийнхнийхээ сайн сайхны төлөө хүчээ өргөн, хөлсөө дуслуулан үүргээ биелүүлж яваа олон аавын хөвүүдээр би бахархдаг, тэднийг гэрэлт ирээдүй угтан байгаад итгэдэг. Гэхдээ энэ бүх зүйлсийг үгүй хийж болох аюул осол ч отон байх тул хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа гэдэг зүйлийг амны уншлага болтолоо яриж, хэлж, захидаг юм. Ажилдаа гараад ирэхдээ хэн ч бүү гэмтээсэй, эрүүл саруул ирээсэй, ижий аав, энхэр хүүхэддээ энх мэнд очоосой гэсэн туйлын зорилго, хүслээ чин сэтгэлээр сүлэн байж хийдэг энэ ажилдаа би хайртай.


Friday, May 18, 2012

Se'lavi

Юу ч хийхгүй байх муухай... юу хийхээ мэдэхгүй байх бүр айдас төрүүлмээр. Ямар ч шалтгаан гэх зүйл үгүй байхад сэтгэл тавгүйтээд байх юм. Би ганцаардлын мэдрэхээрээ ганцаараа байхыг илүүд үздэг. Тэгээд өөрийн мэдэлгүй л энэхүү мухрын өрөөрүүгээ тэмүүлдэг. Юунаас болоод байгаагаа ойлгохгүй байгаа болохоор бичие гээд ч бичих юмаа олж ядан суухдаа өмнөх бичлэгүүдээ эргэж уншлаа. Анзаарахнээ би их завгүй байх үедээ, хэцүү гээд зовлон тоочиж байхдаа бичсэн сэтгэгдлүүдээ уншаад дараа нь төгсгөлийг нь санахаар сайхан болж сэтгэл онгойж байна. Нэг бичлэг дээрээ бичжээ... угийн нийгмийн хүрээлэл сайтай хүний хувьд гэж ирээд л.ккк. Тийм байсаан байсан. Одоо харин эсрэгээрээ олны дунд байхаас залхдаг, хол зай, цаг хугацааны зааг, ажил амьдралын шаардлагаар гэх үү найз нөхөдтэйгөө ч уулзаж чадахгүй болжээ. Уулзсан ч өмнөх шигээ ойр дотно биш дээрээс нь ойлголцохоо байж осолдохгүй л уулзах ёстой гэсэн ёсзүйд тулгуурлан дүр исгэх нь ихсэх боллоо. Уулзаагүй удсан, хол байдаг зэргээс үл хамааран найзаа гэсэн дотночилох сэтгэл хэзээд хэвээрээ байвал тэр хүнийг жинхэнэ найзаараа тооцож болдог юм бол гарын 5 хуруунд тоологдох болсон нь  гомдмоор аж. Мөн хэт сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөн  бичсэн бичлэгүүдээ уншаад заримдаа инээмээр, шүүмжилмээр, ичмээр, үгүй байлгүйдээ гэж бодохдоо өөрөө бичсэндээ эргэлзэх бодол ч орж гарна. Ингээд бодохоор хүнд өдрийн тэмдэглэл, өнгөрснийг гэрчлэх баримтууд байх нь нэг талаас дурсамж нөгөө талаас сургамж нийлээд миний амьдралын түүхийг бүтээнэ.Гайхалтай юм шүү. Хожмоо шинжлэх ухааны биш ч амьралын ухааныг таньж мэдэхэд тустай энгийн хирнээ дорвиун бүтээл туурвих хүсэл мөрөөдөл минь чухам эндээс эхлэлтэй гээд ярих үе хэзээ болоо?