
Хандлага өөрчлөгддөг, харин үнэт зүйл харьцангуй тогтонги буюу өөрлөгдөхөд цаг хугацаа, хүчтэй мэдрэмж, итгэл үнэмшил төрөхүйц туршлага хэрэгтэй байдаг. Тиймээс үнэт зүйл нь миний, чиний, та бүхний амьдралын жанжин шугам болдог тул анхнаасаа л сууриа зөв тавьж, ойлгож, хүлээн авахаас эхлэлтэй гэж боддог болохоороо би заримдаа хуучинсаг үзэлтэй, өөрчлөлтөнд мэдрэмжгүй нэгэн болох гээд байдаг.
Туйлын үнэн бас худал, сайн болон муу гэж байхаа болисон цагт хүнийг буруутгах учиргүй биз.
Хэзээнээс гэдгээ хэлж мэдэхгүй, буруу гэж боддог байсан тэр хүний хандлага үнэн юм шиг санагдах болж, сонсоод мартах ёстой үгнүүд нь чихнээ үргэлж сонсогдох болж, хүссэн үедээ гаргаж ирээд тоглож болох хүүхэлдэй шиг санах сэтгэл замхран одож түүнийг л харахсан гэсэн хүсэл бага багаар хүчирхэгжиж, хамгийн сайхан мөрөөдлөө чамтай байгаагаар төсөөлж байсан үе бий.
Би хүчирхэг байхыг эрмэлздэг Монгол угсаат эмэгтэй болохоороо эр хүний төлөөх хайранд унаж, хамгаа зориулж, халтирах вий гэхээс айдаг юм. Гэхдээ эерэг энергитэй, гэгээлэг бодол, хүсэл эрмэлзэлтэй, бусдын төлөө зориулж чадах нийгүүлсэнгүй сэтгэлтэй, зөв явдал, зөөлөн сэтгэлтэй нэгэн гэдгээ харин ч бардам хэлнэ. Тиймээс миний хувийн орон зайд халдахдаа бүхнийг байгаагаар хүлээн авч, дасан зохицож, сайжруулах хүсэлт байвал хүлээн авч болох ч гэлээ итгэл үнэмшлийн бүтэц зохион байгуулалтыг минь өөрчлөхөд, нөлөөлөхийг зөвшөөрч чадахгүй. Өөрөөр хэлбэл чамайг би хайрлана, хүндлэнэ, харин үргэлж үгээр чинийхээр байна гэж амлахгүй.Үүнийг чи ойлгосон байсан уу?
Өвөл байсан бол хавар болжээ
Өнөөдөр өчигдрөөс өөр болжээ
Өөрөөс минь өөр хүн байхгүй юм шиг эндүүрч явжээ.
Амьдрал өөрөө баялаг болохоороо арай өөр зам биднийг угтан байгаа. Амжилт хүсье!
No comments:
Post a Comment