Thursday, May 19, 2011

Сахиусан тэнгэртэй уулзсан нь


Миний найз ээж болоод хоёр сар болсон ч уулзаж чадахгүй явсаар өнөөдөр зорьж уулзалдлаа. Хонгор үрээ энгэртээ тэвэрч, зулайг нь үнэрлэн "ээжийн охион" хэмээн өхөөрдөн суугаа түүнд минь цаанаа нэг ээжийн намба төрх сууж, наанаа царай нь гэрэлтэн жаргалтайгаар мишээн байхыг хараад сэтгэл ихэд уярлаа. Бяцхан үрийнх нь өөдөсхөн чинээ хуруу гар, үнэрлээд ханамгүй анхилуун үнэр, үнэгчлэн мишээх өхөөрдөм төрх нь сэтгэл хөдөлгөж, өөрийн эрхгүй ээж болох хүслийг хөндөх шиг. Сахиусан тэнгэрийг тэвэрч суухдаа сайхан энергээс нь өөртөө шингээж, асуудал юугаа түр хойш тавихад хайрын ундарга дахин сэрэх мэт болсон. Би хүүтэй болмоор байна. Аавтайгаа усны дусал шиг адилхан хөөрхөн хүү төрүүлж амьдарлын баяр баясгаланг мэдэрч утга учиртай амьдармаар байна. Алаг үрээ энгэртээ тэвэрч бүүвэйн дуу зөөлөн аялан, бүхнээс түүнийгээ нандигнан хайрлахсан.
Гэхдээ цаг нь хараахан биш байна. Аав ээж нь ариун үнэнч хайр сэтгэлээр холбогдож аз жаргалтай амьдарлыг хамтдаа босгох итгэл сэтгэлээр нэгдэж айл гэр болсон цагтаа хонгорхон чамайгаа угтан авах болно. Чамтайгаа уулзах тэр өдөр хорвоогийн хамгийн сайхан өдөр байна гэдэгт итгэлтэй байна.

No comments: