Дурлалын тухай бичмээргүй байвч дуугүй өнгөрч бас боломгүйнээ. Хэнд ч дурлаагүй байгаа хүн байна уу, хэнийг ч зүрх сэтгэлдээ амирлуулахгүй байх аймшигтай юу? гайхалтай юу?
Үнэндээ одоо хэзээ ч байгаагүйгээр тайван байна, хэн нэгнийг санагалзан бодолд автахгүй, хэрэггүй үнэнийг өөрөөсөө нуун хэрэгтнийг хаацайлах шаардлага үгүй....өөрийгөө би үнэнгээсээ хайрлаж чадаж байна.
Гунигтай нь гэвэл ийм үед бусдын дурлалын түүх, романтик кино, ном, дууны үг ер нь хайрын тухай бүхэн анхаарал татахгүй, сонин санагдахгүй байх нь би ганцаараа эвэртэй туулай мэт сэтгэгдэл төрүүлнэ.Гэхдээ би эвэртэй биш ээ, ижлээ олоогүй л туулай байгаа юм.
Хээрийн салхинаас бусдыг нуруундаа үл хүргэх эмнэг сайн хүлэг мэт эрчтэй, жавхаатай бүсгүй миний зүрхэнд гунигт дурлалын шарх үгүй, тархинд минь эргэлзэж тээнэгэлзсэн хоёрдмол бодлууд ч үгүй, сэтгэлд минь хүний хүнийг хайрлах итгэл сэтгэлийн үндэс үрслэн, нахиалан, дэлбээлэн байгааг мэдэж мэдрэх нь сайхан байна. Үүлэн чөлөөний наран адилаар намайг гийгүүлэх чамайг би хүлээнэ.
Хорвоод хоёр биендээ заяагдсан хосууд байдаг гэдэгт би итгэдэг, хоёр сэтгэлийг холбох учирал тохиолдож биш товлож ирдэгт мөн итгэдэг. Би итгэдэг.
No comments:
Post a Comment