Monday, April 30, 2012

Амьдралыг таних явцдаа...

Ойрын хэдэн жил гэрээ санаж үзээгүйгээрээ санаж байх чинь ээ. Тэр дундаа 4 жил эрдмийн их үйлсэд минь хамтран зүтгэсэн жижиг ягаан зөөврийн компьютер минь л бодогдоод байх юм. Өдөр шөнөгүй балбуулж, өөрийн минь гарт л насаа илээсэн хөөрхий муу комьпютер минь хүн тоохыг хүлээгээд өрөөний буланд хэвтээ байх даа. Дипломын ажил дууслаа гэж баярлахдаа муу ягаан компьютероо буланд хаяад гуяа алгадан гарсансан. Гэртээ очоод компьютерийнхээ тоосыг цэвэрлээд вирусыг нь устгаад цүнхэнд нь хийж байранд нь тавиад баярлалаа гэж шивнэмээр санагдаж байна.Эдийн заяа гомдох вий дээ ивий миний компьютер. Түүнээс хойш хэсэгтээ л тархиа амрааж, сэтгэлээ баясгаж санаа амар сайхан амьдарлаа. Өөрийгөө эрхлүүлж ханасан тул эргээд оюутаны амьдралдаа орж сурах сэдэл төрж байна. Уншихгүй бол сэтгэхгүй, сэтгэхгүй бол хөгжихгүй, хөгжихгүй бол амьдрал дээшлэхгүй гээд л олон шалтгаан бий л дээ. Гэхдээ хамгийн гол нь зорилго үгүй байх нь салхинд хийссэн хамхууль мэт, хувьсал үгүй автомат хариулагч лугаа адил байна. Би бодлоо... 25 нас гэдэг бол хүн идэвхитэй амьдралынхаа талыг туулж өнгөрөөсөн, цаашид яаж амьдрах амьдралын зураглалаа ноорог байдлаар их биеийг нь тодорхойлсон байх үе ба жинхэнэ амьдралд хөл тавих алтан агшин гэж боддог.Тэр үед хүний суурь төлөвшил бүрэн суусан, ажил мэргэжилээ баттай сонгосон,амьдралын ханиа олсон буюу адаглаад өөрт тохирох хүнээ ойлгож мэдсэн, өөрийгөө олж нүүр хагарсан, цаашдын амьдралын чухал шийдвэрүүдийг бие даан гаргах, шийдэх чадавхи бүхий улсын иргэн, найдвартай татвар төлөгч, хариуцлагатай ажилтан, итгэлт хань, элбэрэлт эцэг эх болоход бэлэн, ачлалт хүний үр байх зэрэг шаардлагуудыг хангасан байвал зохионо. Тиймээс л би бээр цаг хугацаатай уралдан байж амжилт өөд тэмүүлэе, ирээдүйн гэр бүлээ зөгнөн байж өөрийгөө бэлдэе, маргаашийн сайн сайхны төлөө өнөөдөр хичээе гэдгийг санаж явна. Амьдрал яг л эдийн засгийн онол шиг байдаг нь сонирхолтой юм шүү. Нэг нь нөгөөгөөсөө хамааралтай харилцан бие биенээ өдөөдөг маш олон хүчин зүйлс оршин байх орон зай бөгөөд хүчин зүйлс тус бүр хувьсах шинж чанартай байдгаас аль нэгийг нь тогтмол хэмээн тогтоон санаад харилцан уялдуулах замаар боломжит тогтолцоог таамагладаг чанараараа төсөөтэй байж болох. Бид хэт олон юм руу үсчиж, үргэлж төгс байх гэж, тэгш амьдрах гэж тэмүүлэх хүсэл шуналд автсан байдгаас зарим талаараа амьралын хамгийн үнэт зүйлсээ умартахад хүргэдэг тул юун дээр ч болсон тунг тааруулна гэдэг хүмүүний төлөвшүүлэх нэгэн чухал мэдрэмж юм. Бүх зүйл дээр тухайлбал эрдэм номд шамдах, зугаа цэнгэл хөөх, амттан шимтэн зооглох, хайрлаж энхрийлэх, харамлаж хардах, олз ашиг хүртэх агаад өөр бусад шунал тачаалын ундрага болсон эл зүйлүүдийн хэм хэмжээ нь тохирсон үедээ жаргал, хэтэрсэн болон багадсан тохиол нь зовлонгийн ужиг болох юм. Тиймээс өөрийн жанжин шугамдаа захирагдаад замаа дагаад гэлдэрч явъя.Замаасаа гажилгүйгээр авч болох, амсаж болох бүхнийг хүртэхээс биш жанжин шугамаа тахийлган байж хүрэх боломжтой олз бүхнээс зайлшгүй татгалзаж явахыг хэдийн санах учиртай. ЭНэ бол өөрийн минь үзэл,үнэн сэтгэлт багшийн минь сургаалиас эхлэлтэй билээ.

No comments: