Гавъяа ч юм уу гачигдал ч гэх үү дунд сургуулийн 7-р ангид байхаас л миний хүүхэд ахуй насны зуны амралт гэгч зугаатай хөгжилтэй амралтууд байхаа больсон юм. Учир нь тээр жилийн зуны амралтаас эхлэн би ажил, хичээлийн хооронд, завгүй амьдралын тойрогт ороод тэр зуураа хэрэндээ л хичээж амьдарсаар өнөөдөртэй залгав аа гэж...
7-р ангийн зуны амралтаар ээждээ тусалж дэлгүүрт зогсон наймаа хийж өнгөрсөн бол дараах жил нь бүтэн жил тойрсон англи хэлний дамжаандаа өдөр алгасалгүй ирдэг даруухан, дуу цөөтэй жоохон бор охин байлаа.
Тухайн үед хэлтэй бол хөлтэй гэдэг үг моодонд орж байсныг хэлэх үү, өөрөө хэлэнд сонирхолтойн дээр суурь сайтай сайн суралцсан тул эцэг эх минь миний урмыг мялааж, улам ихийг сураарай гэж ерөөгөөд тив алгассан их улс болох АНУ-д сургуульд явуулахаар болов. Бага багаар бэлтгэлээ базаасаар олон жижиг шалгууруудыг давсаны эцэст виз ч гарав, би ч бэлэн болов. Тийнхүү бяцхан охин / тухайн үед өөрийгөө их л том хүн гэж боддог байсансан хихи/ 10 ангид ордог жилээ хүний нутгийг зорьж юм үзэж нүд тайлахаар явлаа... Хааяа яг тэр жил, тэр үед эргээд очмоор санагддаг юм...
2007 онд ШУТИС-н ОЮУТАН БОЛОВ./Сургуульд байсан үеийнхээ тухай ярихаа түр азнав./
Их сургуульд ордог жилээсээ эхлэн төгсөх курс хүртлээ аялалын хөтөч хэмээх зуны ажлыг 4 жил хийлээ. Аялалын хөтөч гэдэг хэл гадарладаг нэг нь амаа хөдөлгөөд, амарч зугаалаад наргиж яваад ирдэг гэх харагдаж байгаа шигээ амархан бас ая тухтай ажил гэдэг худлаа. Монголын их талын тоос боссон донсолгоотой замаар олон цагаар нүдүүлж, халуунд халж, хүйтэнд хөрөн, олон үнтэстэн, хэлтний ёс соёлыг дагаж аяыг нь харж аягыг нь дөхүүлж аль байдгаараа бөөцийлөхийн зэрэгцээ аяны хүнээс айж ичин орой үдэш тавтай амарч ч чадахгүй өдөр хоногууд цөөнгүй. Түүнчлэн хоол хийж, морь унана, адгуус амьтны аашийг олохгүй моринд өшиглүүлж, биеэ шархлуулж явсан дурсамж түүхүүд олон бий. Гэвч аяны алтан шар зам намайг үргэлж ивээж, сайхан сэтгэлт хүн ард маань хаана ч явсан угтан авч, тосон мэндчилээд уух унд, идэх идээгээр дайлуулж цайлуулж явсан тул тэдгээр буян нь дэлгэрсэн хүмүүст, хангайн уул, ус савдагтаа түмэнтээ талархан шүтэж явдаг билээ.
Ингэж явсаар бүр сурцан оффисын ажил хийхээр сууж тогтож чадахгүй өндөс өндөс гээд л, хааяа бүх цаасны хогоо орхиод гараад гүйчмээр болох юм. Ажил амьдралын тэнцвэрээ хадгалах тал дээр анхаарч эхлэхгүй бол жинхнээсээ ядаргаа өвчинд нирвэгдэж болзошгүй гэнэ. Амьдрал надад бусдаас нэг илүү алхаж явах хүчийг хайрласан ч хариуд нь 2 дахин илүү хүнд ачаа үрүүлсэн мэт үргэлж тэмцэж амьдрах юм.
Сургуулиа төгсөхөд одоогоос яг 1 сарын хугацаа үлдлээ. Эрдэм шинжилгээний ажил, бие даалт , реферат гээд бүгдийг хийж ирсэн атлаа хамгийн сүүлчийн дипломан дээрээ ямар хайнга байна гээч. Нэг л хөшүүн,залхуу, гараас юм гарахгүй лазантры өвчин тусаа юудаа гэмээр л.
Бурхан минь...ертөнцийн эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд намайг дипломаа сайн хийхэд минь туслаарай. :)
No comments:
Post a Comment