Sunday, September 23, 2012

Айдас

Хэтэрхий удаан ч биш, хурдан ч биш дундаж л насалмаар байна. Жаргал  үгүй бол зовлонг бид мэдрэхгүй байх байсан уу, зовлон үгүй бол жаргалыг бид ойшоохгүй байх болов уу.
Би тэгтлээ хэтийдсэн амьдрал хүсэхгүй замбуулингаас, хэр тааруу хирнээ халуун сэтгэлээр гал ноцоосон дулаахан амьдрахад л хангалттай. Өнгөлөг мөнгөлөг, чамин ганган явахаас илүү элэг бүтэн, энх тунх байхыг  илүүд үзнэ би. Галзууртлаа тачяадах шунаг дурлалын эзнээс илүү  халуун  бүлээнээ барьдаг халуун сав шиг хүнийг ханиа болгон түшинэ. Харсан болгоны нүд унах сайхан хүүхэн байгаад яах юм, хамаг сайханаа хайртдаа л харуулж хариуд нь харин түүнийгээ хэнтэй ч хуваалцахгүй байж болно биздээ.
Мөнгөний төлөө бус мөрөөдлийнхөө төлөө ажилладаг байвал гоё оо, маргаашийн тухай бодолгүй өнөөдрийг л үр бүтээлтэй өнгөрүүлдэг байхсан.
Энэ насны буян мэдэж эрхгүй элэг бүтэн гэр бүлд эрхтэн бүтэн төрж өсөөд эрийн цээнд хүрлээ гэдэг шиг эгэлхэн насаа үдэн, туулах ёстой замтайгаа тулж ирээд байх шиг. 
Өсөхийн жаргалыг жаргалд бүү тоож гэж... үзэх амьдрал минь одоо л үүдээ нээж байна.
Ягаад ч юм сэтгэлд айдас хураад таатай бус совин татаад байна. Хайртай хүмүүсээ сэтгэлдээ цуглуулчихаад хаашаа ч явуулахгүй шүү гэж шивнэх мэт...
Би замбуулингаас хэтийдсэн зүйл хүсээгүй болохоор хэрвээ надад нүгэл байгаа бол түүнээс минь нимгэлж үзээрэй. Өөр нэг л гуйлт байна, үнэ цэнэтэй тэдэнд минь үзэхийг хязгаарыг үтэр дуудахгүй байвал л боллоо. Үхсэн нь биш үлдсэн нь үхдэг болохоор үхлээс л би айнам. Эцэг эхийгээ ачлаж чадалгүй явуулахаас, элбэрэлт үрээ тэвэрч үзэлгүй, ангир уургаа амлуулж чадалгүй алдахаас, ханийн заяа дутуу түшиж сайхан ханиасаа салж хагасахаас сүнсээ зайлтал айдаг аа би. Тиймээс би тэднээсээ юу ч харамлахгүй, тэднийгээ би хэнээс ч харамлахгүй... гагцхүү үхдээс л би харамлана. Мөнх бус орчлонд амжиж тэднийгээ хайрлана.


No comments: