
Хүн хамгаас хайртай хүнээ хамгийн ихээр гомдоодог. Хааяа бүр түүнийгээ юманд чинээ бодолгүй албатай юм шиг аашлахыг нь яана. Яагаад гэтэл... тэр хүн угаасаа л намайг уучилна гэж боддог учираас юм гэнэ.
Оройтож ирлээ гэж ундууцсан ээжийнхээ өмнөөс үг сөрсөнөөр ээж бид хоёрын маргаан эхэлсэн . Ээж намайг буруугаар ойлгон мэдэхгүй зүйлийнхээ талаар ам мэдэн төсөөлж намайг буруутгаад байгааг нь үнэхээр тэвчиж чадалгүй хэдэн үг хэлээд тавьчлаа. ГЭтэл байдлыг улам дордуулж гал дээр тос нэмэхтэй адил зүйл болж нэг сайн жавтий хүртэх нь тэр. Миний ээж ерөнхийдөө их түргэн ааштайн зэрэгцээ сэтгэлдээ их гомдолтой хүн тул би ээжийн аашлахыг бас үе үе жавтий хүртэхээ хүлцэнгүйгээр тэвчин ингээд ч болохнээ тайвширдаг байгаасай гэж бодсондоо өөрт мэдрэгдэх гомдол, өвдөлт, нулимс, сэтгэлийн шархаа өөртөө л хадгалсаар өдийг хүрсэн. ГЭвч сүүлдээ энэ бүгд хирээс хэтэрч миний тэвчээрийн хязгаарыг сориод байгаа мэт санагдах болсон тул зайл гэсэн үгэн дээр нь дөрөөлөн гэрээ орхин явсан юм. Миний хувьд ээжийгээ эсэргүүцэн, өөрийгөө өмөөрөн гаргасан анхны шийдвэр байлаа. Эцэг эхийгээ парзитлан амьдардаг оюутны хувьд хаалгаар гараад л амьдрал бүрхэг болох нь тодорхой байсан хэдий ч эргэлзэн, түгших сэтгэл төдий л байгаагүй нь би тэр үед тун их зориг зүрхтэй, шийдэмгий байсны шинж үү , эсвэл залуу хүний омог уур юм уу, мунхаг зөрүүд зангийн аль байсныг хэлж мэдэхгүй.
Харанхуй шөнө хамаг юмаа цүнхэндээ чихэж аваад хаалгаа савлан гарч одсон охин үрийнхээ хойноос санаа сэтгэл зовохгүй суух эх хүн ер нь байхгүй биз ээ. Тэр шөнө мөн түүний дараах өдөр хоног бүр ээж минь залгаж байсан ч утсаа авч, хэлэх үгийг нь сонсох хүсэл байгаагүй тул утасныхаа дууг хаан, доош нь харуулж тавьсаар хэд хоног өнгөрлөө. Ээжийн буруу юм чинь би яасан ч буулт хийхгүй гэж бодон дотроо ээжийгээ хүний эрх зөрчигч, дарангуйлагч хэмээн буруутгаж би өөрөө өөрийгөө аваад явчиж чадна гэж бодож байв. Гэхдээ мэдээж ээжтэйгээ холбоогоо таслана гэх мэтийн аймшигт бодол арай ч биш л дээ. Товчхондоо бол ээж миний бодол сэтгэгдэл, сонголтыг минь хүндэтгэж, том хүн болсоныг минь ойлгон надад итгэж, хүлээн зөвшөөрүүлэх гэсэндээ ээжид бүхнийг тунгаах цаг өгч, буруугаа ойлгон намайг эргээд гэртээ ир гэж гуйлгууллахыг хүссэн юм шиг байгаан.
Удалгүй Март болж би эхэлж ээждээ баярын мэнд хүргэн ярьсанаар эхийн сэтгэл уярч, ээж надаас уучлал гуйн би гэртээ иргэж ирсэн. Тухайн үед ээжийгээ дийлсэндээ санаа амарч, ингэх л ёстой юм шиг аашлан, гавъяа байгуулсан мэт дайлуулж цайлуулан их л сэтгэл хангалуун байртай ээждээ эрхлэн байлаа.
Гэтэл одоо би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Бүр өдрөөс өдөрт илүү ихээр өөрийгөө буруутгаж сууна.
Ээж минь намайг аав ээждээ заяасан бурханы бэлэг гэж боддогийг, мөн өдий 21 хүртлээ эцэг эхийнхээ дундрашгүй их элбэрэл хайр, халамж, хамгаалалтанд өсөн торнисон он жилүүд болон 3 үрийнхээ төлөө байдаг бүхнээ зориулан эрвийх дэрвийхээрээ хөдөлмөрлөж яваа эцэг эхийн ачлалыг би тэрхэн зуур умартсандаа байлаа. Одоог хүртэл таниасаа уучлалт гуйж чадахгүй, юу гэж хэлэхээ ч мэдэхгүй, үг эвлэхгүй байна. Учир нь хийсэн үйлдлээсээ дэндүү их ичиж байгаа болохоор тэр байхаа. Би биш та надад гомдох байтал харин ч илүү ихээр намайг хайрлаад байгаа нь юуных вэ?
Хүнийг бүтээгч нь бурхан юм бол ээжээ, та миний бурхан байж таарна. Тэнэгхэн охиноо уучил.
Хайрыг тань даагаагүйд, сэтгэлийг тань зовоож шаналгасанд, зүрхийг тань зүсэх хорон муу үг хэлсэнд уучлаарай. Ээжээ намайг уучлаарай...
No comments:
Post a Comment