Wednesday, November 7, 2012

Ялгаа

Уг нь бол би азтай хүн л дээ бусдын нүдээр. Элэг бүтэн гэр бүлд эрүүл саруул өсөж ториносон, дутагдах гачигдахын зовлонг ойлгох ч туулж өнгөрүүлсэн гэж хэлэхгүй, боломжийн сайхан амьдралтай хүн. Миний байнга санаж явдаг үг байдаг юм. Бусдад битгий атаарх учир нь тэр хүний туулж ирсэн амьдралыг хэлж мэдэхгүй.
Өнөөдөр нэг хүн миний мэдэрдэг хирнээ мэддэггүй үнэнийг мэдсэн байхыг үзлээ. Аймшигтай. Өчнөөн олон жил өөрөөсөө ч нууж, мартахыг оролдон бас хэзээ ч мартаж бас давтаж болохгүй шүү гэж санаж явсан тэр замд би өөрөө ч мэдэлгүй хөл алдсан байжээ. Одоо надад чамаас нууж хаацайлах зүйл үлдсэнгүй хайрт минь. Бүтнээрээ би чинийх. Энэ зүлйийг олж харсан байдаг чинь чиний үнэн сэтгэл, оюунлаг мэдрэмжийг надад илтгэнэ. Дор өгүүлэх намайг нэг хараач, би үнэнийг хэлэе. Үүний дараа ч чи минь наддаа чин сэтгэлтэй хэвээр бол... харин үгүй бол зоригтойхон шийдвэр гаргана биз ээ. Сул талаа хүнд харуулахыг голоос тэвчихгүй би гэдэг хүн тэр бардам бүхнээ хойш тавин өгүүлрүүн.
Тэртээ наяад онд миний ээж аав эдүгээ  бидэн шиг дурлалын баланд амтшан, хорвоогийн наран саран учирсан лугаа хайрлан энхрийлэлцсэн байж таарна. Шинэхэн хосуудын хайрын хүч нэгэн шинэ амьдралыг цогцлоож хүүхэдтэй болохыг хүсэмжлэн байж хайртыг чинь олсон гэдэг. Анхны бүхэн давтагдашгүй мөн мартагдашгүйн зэрэгцээ амаргүй байдаг. Айл гэр өргөжин би дороо хоёр хөөрхөн дүү хөтлөн ирсэн. Нийгэм цаг үеийн ороо бусгаа байдал, залуу хүмүүсийн амьдрал төвхнүүлэх ухаан ч дутсан болов уу, нэг л мэдэхнээ эцэг эх маань өдөр өдрийнхөө талхны төлөө, үрээ өлсгөхгүй юмсан гэхээс өөрийг бодох сөхөөгүй амьдарч явсан үеийг хэдий  бага нас ч төвөггүй ойлгодог байлаа.
Олон айлын аавууд хилийн чанадыг зорих болсон тэр л жишгээр аав минь гэрээ орхин явсан. Дараа нь ээж минь... бид гурвыг ухаарч амжаагүй байтал нойрмоглох зүүдэнд нь үрсээ үнэрлээд хоолойндоо нулимс зангируулан хатуужил заан ниссэн байсан. Өглөө босоод гэртээ гурвуулахнаа үлдсэнээ зөнгөөрөө ойлгох, жоохон дүүгээ айх вий гэсэндээ бөөрөндөө бөөцийлөх. Хатуу үгнээс хаацайлж, айлын хүүхдээс өмөөрч,гараасаа хөтлөн хооллож, хувцаслаж, өсгөсөн миний дүү одоо сайхан залуу болсон.
Харин миний эмэгтэй дүү төрөлхийн эрх найланхай, хэн ч эрхлүүлээгүй байхад л хар аяндаа хэлээ хазалж, эрх ишиг шиг наалдаж явдаг хүний нүдэнд танхил дураараа хэнэггүй мэт боловч их эмзэг, бас гүргэр намбалаг жаахан охин байж билээ.Зулай зулайгаа гишгэж төрсөн юм болохоороо өөр хоорондоо муудалцана. Эргээд бодохоор энхрий жаахан амьтантай юунд тэгж шөргөөлцөж байвдаа. Дүүгээ дүү байхад нь эгч шиг нь энхриййлж найр тавьж мэдэхгүй маанаг байждээ гэж бодогдох үе байдаг. Одоо ч миний эгч юм шиг л хэрсүү ухаалаг, хорь шүргэж яваа хөөрхөн бүсгүй болсон.
Хамгийн холын хирнээ хамгийн дотны хүнтэйгээ сая утсаар ярилаа.Миний аав байгаа юм. Ачлал, хайрыг нь санах төдий л сүсэглэн хүндэтгэмээр бахархан дээдэлдэг миний сайхан аав минь. Бурхан номын газраар аялах болгондоо би нэг л зүйлийг бурханаас байнга аминчлан үнэн сэтгэлийн угаас сүсэглэн гуйдаг, аавыг минь харж яваарай, аавыг минь хамгаалж үзээрэй, аливаа муу бүхнээс гэтэтгэн эсэн мэнд учруулж элэг дэвтээж хайрла. Би дахиад залбиръя, аавыг минь надад авчраад өгөөч, ачлалт эцгийнхээ ачийг хариулах боломжийг тохиогооч.
Дараа нь мэдээж ээж. Энэ хорвоо дээр эхийн ачлалыг магтан дуулсан нь магадгүй хамгаас олон. Биднийг энэ хорвоотой учируулсан энгүй эх ачийг юутай ч зүйрлэшгүй. Ээж бид хоёрын эх үрийн холбоо арай  өөр л дөө.Товчхондоо би ээждээ хайртай бас хайргүй. Ягаад хайргүй? Ярьвал хэтэрхий удна. Гэхдээ эх үрийн холбоо гэж агуу зүйл бий, энэ хорвоогийн юуг ч хайлуулах шидтэй тийм нандин холбоогоор ээж бид хоёр холбогдсон. Магадгүй би ээжийнхээ ээж нь байсан байхаа. Ягаад гэвэл эмээ маань ээжийг нялх байхад нь бурхан болсон юм гэнэлээ. Тэгээд охиндоо ээжийн хайрыг эдлүүлж чадаагүй болохоор эргээд охин нь болж төрөөд ачлая гэж шийдсэн байх. Тийм ч болохоор би ээжийгээ тээршааж чадалгүй тэвчсээр ирсэн.Төрүүлж чадсан юм чинь алсан ч дур гэж хэлүүлээд эсэргүүцэж чадахаа байтлаа зодуур амсаж, хөөлгөж туулгаж, ад үзэгдэж,  тэгсэн хэрнээ үйл лайг нь өөрөө үүрч, өрөөлөөс өмөөрч хаацайлж өнөөдөр мөн хажуунаас нь тэврээд унтахыг хүсдэг ийм л харилцаа.
Гэр бүл бол гэр бүл, бид муудалцдаг, бие биенийгээ гомдоодог уурладаг загнадаг, гэлээ гээд эцсийн мөч хүртэлээ бид бие биедээ хайртай.
Азтай болоод ч тэрүү зарим хүмүүс амар жимэр амьдралд эцэг эхийн энэрэл хайраар дуталгүй амьдарч хүн хүнээ яаж хайрладагийг харж өссөн бол тэр сайн ягаад гэвэл тэр сайхан гэр бүл ямар байдгийг мэдсэн болохоор алзахгүй. Харин би амьдралын сайхнаас илүү аймарыг харж мэдэрч өсөн болохоор ийм байж болохгүй гэдгийг мэдэхээс энэнээс өөрөөр ямар байж болох вэ гэдгийг төсөөлөн таамаглахаас хэтрэхгүй байна. Өөрөөр хэлбэл чи нэгдүгээр ангийн хичээлээс эхлэн суралцаж толгой өвдөхгүй аравдугаар ангийг төгссөн бол би аравдугаар ангийн хүнд хичээлээс эхлэн анхнаасаа миний зүрхэнд орж, цаашлах тусмаа хүндэрч биш хөнгөрч яваа ийм л амьдралаар өссөн юм. Гэхдээ энэ буруу гэж үү. Минийх биш байсан миний амьдралын төлөө намайг буруутгахыг би зөвшөөрөхгүй.
Энэ л чи бид хоёрын ялгаа. Чи өгсөж яваа, өөрийнхөө амьдралыг би болгохын төлөө зүтгэж яваа залуу бүргэд. Харин намайг нисэж ч сураагүй байхад далавчин дээрээс минь чулуу зүгээд нисэхийг шаардах тийм нөхцлөөс урсгал сөрөн яваа  бүргэд. Би хоёрыг эгнүүлээд харвал төдийлөн ялгаа үгүй ч цаана нь ямар замаар явж ирсэнийг хэн ч мэдэхгүй. Хар багаасаа хал үзэж хашир суусан залуу бүргэд, хайр энэрэлээр өлгийдүүлж өссөн, хатан зоригт залуу бүргэд, энэ бол чи бид хоёр.

2 comments:

Boldoo_R said...

yasan aihtar bichee ve, buhel buten namtar roman unshisan yum shig bolood ungurluu, goe bichdiim bn

Boldoo_R said...

yasn aihtar bichee ve, buten namtar roman unshisan yum shig l bolloo, sain bichijee.